Үйлс 21:1-16

Үйлс 21:1-16 АБ2013

Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Родод, тэндээсээ Патарт очив. Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав. Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардав. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа. Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Сүнсээр тэд хэлэхдээ Иерусалимд хөл тавихгүй байхыг Паулд сануулав. Хоног маань дуусаж, бид ч явцгаахад тэд бүгд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал дагацгаав. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бие биентэйгээ салах ёс гүйцэтгэн усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө буцлаа. Аялал маань өндөрлөж, Тирээс Птолемаид ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонов. Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайнмэдээ тунхаглагч Филипийн гэрт очиж, түүнтэй хамт байлаа. Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв. Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв. Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйлаа. Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ. Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид —Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов. Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа. Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг хуучин дагалдагч Киприйн Мнасоныд буудаллуулахаар хүргэж өгөв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна