Үйлс 20:17-38

Үйлс 20:17-38 АБ2013

Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. Тэднийг ирэхэд тэр —Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан. Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж, Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн. Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ. Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна. Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв. Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирлаа. Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв. Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байлаа. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна