Үйлс 20:1-38

Үйлс 20:1-38 АБ2013

Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлээд салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Тэр тэдгээр нутгаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв. Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гаи, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. Тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. Бид Исгээгүй талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв. Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш нь явахаар шийдсэн тул, тэдэнтэй ярилцаж шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. Тэнд Юутух гэгч нэгэн залуу Паулыг ярьж байхад цонхны тавцан дээр суун гүн нойронд автжээ. Тэрээр нойрондоо дийлдэн гурван давхраас уначихав. Очиход үхсэн байлаа. Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд —Бүү сандар. Тэр амьд байна гэлээ. Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. Залуу хүү амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ. Харин бид усан онгоцоор Асст түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ явган явж очих санаатай байлаа. Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв. Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын эсрэг талд хүрч, дараа өдөр нь Самост хүрч, удаах өдөр нь Милетэд ирэв. Паул боломжтой бол Пентэкостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ. Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. Тэднийг ирэхэд тэр —Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан. Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж, Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн. Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ. Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна. Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв. Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирлаа. Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв. Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байлаа. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна