Үйлс 2:25-41

Үйлс 2:25-41 АБ2013

Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. Өөрт минь Та амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ” гэсэн байдаг. Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. Тэр эш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгайлсанчлан өөрийнх нь үрээс сэнтийд нь залахыг мэдээд, Христийн амиллыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй” гэжээ. Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө “Эзэн миний Эзэнд айлдахдаа «Миний баруун гарт залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв” гэсэн юм. Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна