Үйлс 2:1-47

Үйлс 2:1-47 АБ2013

Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байж. Энэхүү чимээнээр үй олон цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд, крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв. Тэд бүгд гайхшран алмайрсаар өөр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. — Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов. Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ Бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуус чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Эр, эм гэлгүй боолуудынхаа дээр Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана. Тэд эш үзүүлэх болно. Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ. Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно. Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ. Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав. Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. Өөрт минь Та амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ” гэсэн байдаг. Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. Тэр эш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгайлсанчлан өөрийнх нь үрээс сэнтийд нь залахыг мэдээд, Христийн амиллыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй” гэжээ. Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө “Эзэн миний Эзэнд айлдахдаа «Миний баруун гарт залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв” гэсэн юм. Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв. Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

Үйлс 2:1-47-д зориулсан видео

Үйлс 2:1-47 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв