Үйлс 19:21-41
Үйлс 19:21-41 АБ2013
Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв. Тэр өөрт нь тусалж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав. Энэ үед Замаас болж багагүй үймээн гарлаа. Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисийн мөнгөн сүмийг урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв. Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд —Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ. Энэ Паул гэгч, гараар хийгдсэн нь бурхад биш гэж Ефес төдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эргүүлснийг та нар харж, сонсож байгаа. Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охинтэнгэр Артемисийн сүм юман чинээ тоогдолгүй, Ази болон дэлхийд шүтэгддэг бүгдийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ. Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж —Ефесийн Артемис бол агуу гээд л хашхирч гарав. Хот үймээн самуунд автаж, Паултай ханьсан Македониос ирсэн Гаи, Аристарх нарыг хүмүүсийг санаа нийлэн чирсээр бөөнөөрөө үзвэрийн танхимд дайран орж ирэв. Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулсангүй. Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг үзвэрийн танхимд очихгүй байхыг ятгажээ. Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа. Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад хүмүүст чимээгээ намдахыг Александр гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ. Гэтэл хүмүүс түүнийг иудей гэдгийг таниад, бүгд нэгэн дуугаар —Ефесийн Артемис бол агуу хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав. Хотын захирагч хурсан олныг тайвшруулаад —Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисийн сүмийн сахиул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ? Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй. Та нарын авчирсан энэ хүмүүс сүмийг ч цөлмөөгүй, охинтэнгэрийг маань ч доромжлоогүй юм байна. Тиймээс хэрэв Деметр болон урчууд нь хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж болно. Мөн нутгийн захирагч ч байна. Тэд гомдолоо авч ирцгээг. Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ. Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй нь гэжээ. Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.