Үйлс 19:1-41

Үйлс 19:1-41 АБ2013

Аполыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Ефест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгээд тэдэнд —Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд —Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. Тэр —Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд —Иоханы баптисмыг гэжээ. Паул —“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисм хүртээж байсан шүү дээ гэв. Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв. Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд хэлээр ярьж, эш үзүүлжээ. Тэнд бүгд арван хоёр орчим хүн байв. Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа. Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж, цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. Ингэсээр Азид суурьшсан бүх иудей, грекүүд хоёр жил өнгөрөхөд Эзэний үгийг сонсоцгоожээ. Паулын гараар Бурхан ер бусын гайхамшгуудыг үйлдэж байлаа. Түүний алчуур, бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүргэхэд өвчин нь эдгэж, муу ёрын сүнснүүд зайлж байв. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь муу ёрын сүнстэй хүмүүст —Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж Эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. Муу ёрын сүнс тэдэнд —Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. Тэгээд муу ёрын сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтжээ. Энэ явдал Ефест амьдардаг бүх иудей, грекүүдэд дуулдахад тэд бүгд айдаст автлаа. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэгсдийн олонх нь ирж, үйлдэлээ улайж илчлэв. Ид шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа. Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв. Тэр өөрт нь тусалж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав. Энэ үед Замаас болж багагүй үймээн гарлаа. Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисийн мөнгөн сүмийг урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв. Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд —Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ. Энэ Паул гэгч, гараар хийгдсэн нь бурхад биш гэж Ефес төдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эргүүлснийг та нар харж, сонсож байгаа. Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охинтэнгэр Артемисийн сүм юман чинээ тоогдолгүй, Ази болон дэлхийд шүтэгддэг бүгдийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ. Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж —Ефесийн Артемис бол агуу гээд л хашхирч гарав. Хот үймээн самуунд автаж, Паултай ханьсан Македониос ирсэн Гаи, Аристарх нарыг хүмүүсийг санаа нийлэн чирсээр бөөнөөрөө үзвэрийн танхимд дайран орж ирэв. Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулсангүй. Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг үзвэрийн танхимд очихгүй байхыг ятгажээ. Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа. Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад хүмүүст чимээгээ намдахыг Александр гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ. Гэтэл хүмүүс түүнийг иудей гэдгийг таниад, бүгд нэгэн дуугаар —Ефесийн Артемис бол агуу хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав. Хотын захирагч хурсан олныг тайвшруулаад —Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисийн сүмийн сахиул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ? Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй. Та нарын авчирсан энэ хүмүүс сүмийг ч цөлмөөгүй, охинтэнгэрийг маань ч доромжлоогүй юм байна. Тиймээс хэрэв Деметр болон урчууд нь хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж болно. Мөн нутгийн захирагч ч байна. Тэд гомдолоо авч ирцгээг. Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ. Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй нь гэжээ. Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна