Үйлс 19:1-20
Үйлс 19:1-20 АБ2013
Аполыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Ефест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгээд тэдэнд —Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд —Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. Тэр —Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд —Иоханы баптисмыг гэжээ. Паул —“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисм хүртээж байсан шүү дээ гэв. Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв. Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд хэлээр ярьж, эш үзүүлжээ. Тэнд бүгд арван хоёр орчим хүн байв. Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа. Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж, цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. Ингэсээр Азид суурьшсан бүх иудей, грекүүд хоёр жил өнгөрөхөд Эзэний үгийг сонсоцгоожээ. Паулын гараар Бурхан ер бусын гайхамшгуудыг үйлдэж байлаа. Түүний алчуур, бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүргэхэд өвчин нь эдгэж, муу ёрын сүнснүүд зайлж байв. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь муу ёрын сүнстэй хүмүүст —Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж Эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. Муу ёрын сүнс тэдэнд —Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. Тэгээд муу ёрын сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтжээ. Энэ явдал Ефест амьдардаг бүх иудей, грекүүдэд дуулдахад тэд бүгд айдаст автлаа. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэгсдийн олонх нь ирж, үйлдэлээ улайж илчлэв. Ид шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.