Үйлс 17:21-34
Үйлс 17:21-34 АБ2013
(Афинчууд цөмөөрөө бас тэнд буй гадаадынхан шинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ.) Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв. —Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна. Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм. Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь, хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэснийх билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ. Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог. Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй. Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв. Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа. Ингээд Паул тэдний дундаас гарч явав. Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.