Үйлс 17:16-34

Үйлс 17:16-34 АБ2013

Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв. Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа. Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ. Тэд түүнийг барьж Арейпагт авчраад —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу? Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ. (Афинчууд цөмөөрөө бас тэнд буй гадаадынхан шинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ.) Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв. —Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна. Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм. Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь, хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэснийх билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ. Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог. Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй. Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв. Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа. Ингээд Паул тэдний дундаас гарч явав. Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна