Үйлс 15:22-41

Үйлс 15:22-41 АБ2013

Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ. Тэднээр энэхүү бичгийг илгээв. “Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе. Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь үгээрээ та нарыг самууруулж, сэтгэлийг чинь үймрүүлснийг сонссон тул бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу илгээх нь зүйтэй санагдав. Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ. Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно. Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь, шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.” Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав. Захидлыг уншаад тэд урамшуулсанд нь баярлацгаав. Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр хүчирхэгжүүлжээ. Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруу амар амгалан буцлаа. [Харин Силасын хувьд тэнд үлдэх нь зүйтэй санагджээ.] Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан зааж байлаа. Хэдэн өдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв. Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ. Памфулд биднийг орхиж, бидэнтэй үйлсийн төлөө хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул шийдэв. Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ. Харин Паул Силасыг сонгож хөдлөв. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав. Тэрээр Сири болон Киликээр дайран чуулгануудыг хүчирхэгжүүлж явлаа.

Үйлс 15:22-41-д зориулсан видео