Үйлс 15:1-35
Үйлс 15:1-35 АБ2013
Иудейгээс ирсэн хэсэг хүн —Мосегийн ёс заншлаар хозлуулаагүй л бол та нар аврагдаж чадахгүй гэж ах дүү нарт сургажээ. Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, багагүй маргаан болов. Тэгээд Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов. Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав. Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы, өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ. Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож —Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв. Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав. Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд —Ах дүү нар аа, харийнханд сайнмэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэж байгаа. Зүрхийг мэдэгч Бурхан, бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ. Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ? Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв. Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харийнхны дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа. Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков —Ах дүү нар минь, намайг сонсоцгоо. Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх ард түмнийг харийнхнаас авахаар анх хэрхэн тэднийг эргэж тойрсон тухай Симон хэллээ. Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ. “«Үүний дараа Би эргэж ирээд Давидын нурсан асрыг дахин босгоно. Балгаснуудыг нь Би дахин босгож, сэргээнэ. Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна. Ингэснээр бүх үндэстнүүд Эзэнийг эрж хайна. Миний нэрээр дуудагдсан бүх харийнхан ч бас хайна» гэж Өнө эртнээс мэдэгддэг Эзэн Эдгээрийг айлдаж байна” гэжээ. Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм. Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье. Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв. Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ. Тэднээр энэхүү бичгийг илгээв. “Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе. Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь үгээрээ та нарыг самууруулж, сэтгэлийг чинь үймрүүлснийг сонссон тул бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу илгээх нь зүйтэй санагдав. Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ. Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно. Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь, шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.” Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав. Захидлыг уншаад тэд урамшуулсанд нь баярлацгаав. Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр хүчирхэгжүүлжээ. Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруу амар амгалан буцлаа. [Харин Силасын хувьд тэнд үлдэх нь зүйтэй санагджээ.] Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан зааж байлаа.