Үйлс 14:1-28

Үйлс 14:1-28 АБ2013

Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд ч, грекүүд ч үй олноороо итгэцгээв. Харин үл итгэгч иудейчүүд харийнхны бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа. Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож, Түүний нигүүлслийн үгийг гэрчилж байлаа. Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров. Харийнхан ба иудейчүүд захирагчдынхаа хамт тэднийг доромжлон чулуу шидэх гэж оролдсонд тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд Лустр, Дерб болон тэр хавийн нутаг уруу зугтав. Тэд тэнд сайнмэдээг тунхагласаар байв. Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа. Паулын ярихыг тэр сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж, чангаар —Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв. Паулын үйлдсэн зүйлийг харсан олон дуугаа өндөрсгөн лукаон хэлээр —Бурхад хүний дүрээр бидэн дээр буун иржээ гэцгээж байлаа. Тэд Барнабыг Зевс, Паулыг үг дамжуулагч нь байсан тул Хермес гэж нэрлэв. Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн хэлхээг дааман хаалганд авчирч, ард олны хамт тахил өргөх гэв. Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаж, ард олон уруу яаравчлан гарч очоод хашхиран — Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм. Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг чинь хоол хүнс, баяр баяслаар цатган, Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй шүү дээ гэв. Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олныг тэд арай чамай хориглож байлаа. Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд ард олныг талдаа татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ. Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож, хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ. Тэр хотод тэд сайнмэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ. Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд тушаав. Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээлээ. Тэд Пергэд үгийг тунхаглаад, Аттал уруу явж, гүйцээсэн ажлынх нь төлөө Бурханы нигүүлсэл өгөгдөж байсан Антиох уруу тэндээсээ усан онгоцоор гарав. Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж, дагалдагчдын хамт багагүй хугацаагаар байжээ.

Үйлс 14:1-28-д зориулсан видео