Үйлс 14

14
Паул Барнаб нар Икониумд
1Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд ч, грекүүд ч үй олноороо итгэцгээв. 2Харин үл итгэгч иудейчүүд харийнхны бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа. 3Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож, Түүний нигүүлслийн үгийг гэрчилж байлаа. 4Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров. 5Харийнхан ба иудейчүүд захирагчдынхаа хамт тэднийг доромжлон чулуу шидэх гэж оролдсонд 6тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд Лустр, Дерб болон тэр хавийн нутаг уруу зугтав. 7Тэд тэнд сайнмэдээг тунхагласаар байв.
Паул Барнаб нар Лустр ба Дерб хотуудад
8Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа. 9Паулын ярихыг тэр сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж, 10чангаар
—Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв. 11Паулын үйлдсэн зүйлийг харсан олон дуугаа өндөрсгөн лукаон хэлээр
—Бурхад хүний дүрээр бидэн дээр буун иржээ гэцгээж байлаа. 12Тэд Барнабыг Зевс, Паулыг үг дамжуулагч нь байсан тул Хермес гэж нэрлэв. 13Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн хэлхээг дааман хаалганд авчирч, ард олны хамт тахил өргөх гэв. 14Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаж, ард олон уруу яаравчлан гарч очоод хашхиран
15Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм.#Гэт 20:11; Дуу 146:6 16Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. 17Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг чинь хоол хүнс, баяр баяслаар цатган, Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй шүү дээ гэв. 18Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олныг тэд арай чамай хориглож байлаа.
19Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд ард олныг талдаа татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ. 20Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож, хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.
Сирийн Антиохт буцаж ирэв
21Тэр хотод тэд сайнмэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа 22дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан
—Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ. 23Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд тушаав.
24Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээлээ. 25Тэд Пергэд үгийг тунхаглаад, Аттал уруу явж, 26гүйцээсэн ажлынх нь төлөө Бурханы нигүүлсэл өгөгдөж байсан Антиох уруу тэндээсээ усан онгоцоор гарав. 27Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж, 28дагалдагчдын хамт багагүй хугацаагаар байжээ.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Үйлс 14-д зориулсан видео