Үйлс 13:1-52

Үйлс 13:1-52 АБ2013

Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой. Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв. Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ. Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав. Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглалаа. Иохан харин тэдний туслах нь байжээ. Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав. Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаантай эрийн хамт байдаг ажээ. Сергио Паул, Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав. Харин нэрийг нь орчуулбал шидтэн буюу Елум тэднийг эсэргүүцэж, нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон — Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зөвтийн дайсан чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу? Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хөтлөх хүн хайн тэмтчив. Болсон явдлыг харсан мөнөөх нутгийн захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ. Паул болон нөхөд нь Пафаас далайд гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднээс салж, Иерусалим уруу буцжээ. Харин тэд Пергээс гарч Писидийн Антиохт ирээд, Амралтын өдөр синагогт орж суув. Хууль ба эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу үг илгээж —Эрчүүд ах дүүс ээ, та нарт ард олныг сургах үг байвал ярина уу гэхэд Паул босож гараараа дохин ийн хэлэв. —Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгчид ээ сонсоцгоо! Израилийн ард түмний Бурхан, эцэг өвгөдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан. Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэсэн. Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад өвлүүлсэн нь дөрвөн зуун тавиад жил бөгөөд үүний дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртэлээ тэдэнд шүүгчдийг өгч байв. Дараа нь тэд хаан гуйхад Бениамины овгийн Кишийн хүү Саулыг Бурхан тэдэнд дөчин жилийн турш өгчээ. Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг. Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан юм. Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав. Иохан албаа гүйцээж байхдаа “Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би биш ээ. Харин үзэгтүн, миний араас ирж буй Нэгэний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш” гэж хэлж байсан билээ. Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд ээ, та нарын дунд буй Бурханаас эмээгчид ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм. Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй Түүнийг ялласнаар, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн дуу хоолойг гүйцэлдүүлжээ. Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн. Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив. Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л ард олны өмнөх Түүний гэрч нар юм. Бид эцэг өвгөдөд ирсэн амлалтын сайнмэдээг та нарт тунхаглаж байна. Дуулал номын хоёрдугаарт “Чи Миний Хүү, өнөөдөр Би Чамайг төрүүлэв” гэж бичигдсэнчлэн Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм. Бурхан, Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ. Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн “Ариун Нэгэндээ Та ялзралыг үзүүлэхгүй” гэж айлдсан юм. Давидын хувьд тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсож, эцэг өвгөдийнхөө дунд тавигдан, ялзралыг үзсэн ажгуу. Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг эс үзэв. Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжин гэм нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна. Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно. Ингэхлээр эш үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нар дээр ирэхээс болгоомжил. “Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө! Учир нь та нарын өдрүүдэд Хэн нэгэн нь тайлбарласан ч, Хэзээ ч та нар итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно” гэсэн байдаг гэлээ. Паул Барнаб нарыг гарч явахад хүмүүс дараагийн Амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа. Синагогийн хурал тарахад, иудейчүүдийн болон Бурханаас эмээгч шинэ итгэлтнүүдийн олонх нь, тэдэнтэй ярьж Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байсан Паул, Барнаб нарыг дагалдав. Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв. Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа. Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж —Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш, үзэгтүн, бид харийнхан уруу эргэв. Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. “Чи авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан” гэв. Үүнийг сонссон харийнхан баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв. Эзэний үг нутаг даяар түгж байлаа. Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэгчдийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав. Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдний эсрэг сэгсрээд, Икониум уруу явжээ. Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байлаа.

Video for Үйлс 13:1-52