Үйлс 12:1-19

Үйлс 12:1-19 АБ2013

Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганаас заримыг нь баривчлав. Иоханы ах Иаковыг тэр цавчин алуулжээ. Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй талхны баярын өдрүүдэд болжээ. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Алгасал баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа. Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. Үзэгтүн, Эзэний тэнгэрэлч ирж, шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрэлч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж, —Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа. Тэнгэрэлч түүнд —Бүсээ бүсэлж, шаахайгаа уя гэхэд тэр үйлдэв. Тэгээд тэр —Нөмрөгөө нөмөр, намайг дага гэжээ. Петр гадагш гарч түүнийг дагав. Тэрээр тэнгэрэлчээр үйлдэгдэж буй нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэрэлч гэнэт түүнийг орхин одов. Петр сэхээ орж —Эзэн тэнгэрэлчээ илгээж, намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв. Ийнхүү ухаарсан тэр, Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин чагнахаар гарч ирээд, Петрийн дууг танин, баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ. Тэгтэл тэд түүнд —Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин тийнхүү ирсэн болохыг батлахад тэд —Тэгвэл түүний тэнгэрэлч байна гэцгээв. Харин Петр тогшсоор л байлаа. Тэд онгойлгоод түүнийг хармагцаа гайхан сүрджээ. Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж —Энэ тухай Иаковт болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу одов. Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ. Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа.

Video for Үйлс 12:1-19