Үйлс 11:1-15
Үйлс 11:1-15 АБ2013
Бурханы үгийг харийнхан ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. Петрийг Иерусалимд ирэхэд, хозлуулснууд нь түүнтэй мэтгэлцэж — Чи хозлуулаагүй эрчүүд дээр очиж, тэдэнтэй хамт хооллов гэжээ. Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав. — Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над дээр буун ирэх үзэгдлийг харав. Би ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. Мөн би “Петр ээ, бос. Нядлаад ид” гэх дууг сонсов. Харин би “Эзэн, яасан ч үгүй. Бузар хийгээд цэвэр бус зүйл миний аманд хэзээ ч орж байсангүй” гэхэд тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг бузар гэж бүү үз” гэв. Энэ нь гурав дахин давтагдаад бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. Гэтэл тэр үед байсан айлын минь үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдэгсэд ажээ. Эргэлзэлгүй тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт энэ зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. Тэрээр гэрт нь тэнгэрэлчийн зогсож, Иоппа уруу хүн илгээн Симон буюу Петрийг авчруул. Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. Намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээрх шиг тэдэн дээр бас буулаа.