Үйлс 10:23-48

Үйлс 10:23-48 АБ2013

Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Корнел төрөл садан болон дотнын андуудаа дуудаж цуглуулаад тэднийг хүлээж байлаа. Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. Харин Петр түүнийг босгоод —Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. Тэр тэдэнд —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв. Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хөвөөн дэх Симоны гэрт байгаа” гэсэн юм. Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ. Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов. Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн) Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ. Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов. Тэр бол амьдын хийгээд үхсэний Шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв. Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр — Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ. Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.

Үйлс 10:23-48-д зориулсан видео