Үйлс 10:1-48

Үйлс 10:1-48 АБ2013

Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав. Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул. Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. Өөртэй нь ярьсан тэнгэрэлчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мөн өөртэйгөө үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэг бишрэлтэй нэгийг нь дуудав. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ. Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв. Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн эрчүүд Симоны гэрийг сурагласаар дааман хаалганы өмнө зогсож байв. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байрлаж буй эсэхийг дуудан асуув. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд —Үзэгтүн, гурван эр чамайг хайж байна. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн дээр оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. Петр тэр хүмүүс дээр очиж —Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв. Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Корнел төрөл садан болон дотнын андуудаа дуудаж цуглуулаад тэднийг хүлээж байлаа. Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. Харин Петр түүнийг босгоод —Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. Тэр тэдэнд —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв. Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хөвөөн дэх Симоны гэрт байгаа” гэсэн юм. Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ. Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов. Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн) Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ. Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов. Тэр бол амьдын хийгээд үхсэний Шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв. Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр — Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ. Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.

Video for Үйлс 10:1-48

Үйлс 10:1-48 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв