Үйлс 10:1-11
Үйлс 10:1-11 АБ2013
Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав. Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул. Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. Өөртэй нь ярьсан тэнгэрэлчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мөн өөртэйгөө үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэг бишрэлтэй нэгийг нь дуудав. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ. Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав.