Үйлс 1:4-14
Үйлс 1:4-14 АБ2013
Тэгээд элч нарыг цуглуулан, Иерусалимыг үл орхиж, Эцэгийн амласныг хүлээхийг тушаан “Надаас та нар үүнийг сонссон билээ. Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ. Тэгээд, цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв. Тэгээд тэд Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай байх Чидун гэдэг уулаас Иерусалимд буцав. Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон мөн Иаковын Иудас нар билээ. Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.