Үйлс 1:1-26

Үйлс 1:1-26 АБ2013

Теофил оо, би эхнийхээ номд, Есүсийн юу үйлдэж, сургаж эхэлснээс авахуулан, сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулж захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлх бүгдийг бичсэн билээ. Зовлон эдэлснийхээ дараа Тэр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв. Тэгээд элч нарыг цуглуулан, Иерусалимыг үл орхиж, Эцэгийн амласныг хүлээхийг тушаан “Надаас та нар үүнийг сонссон билээ. Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ. Тэгээд, цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв. Тэгээд тэд Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай байх Чидун гэдэг уулаас Иерусалимд буцав. Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон мөн Иаковын Иудас нар билээ. Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа. Энэ өдрүүдэд Петр (тэнд хурсан олон болох зуун хориод) ах дүүсийн дунд босоод — Ахан дүүс ээ! Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Иудасын тухайд Давидын амаар Ариун Сүнс урьдаас хэлсэн тэрхүү Бичвэр биелэгдэх ёстой байв. Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. (Тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа, түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж, гэдэс дотор нь цувжээ. Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст талбай гэж нэрлэжээ). Энэ нь Дуулал номд “Түүний орон гэр нь эзгүйрч, Тэнд нь хэн ч бүү сууг” гээд, “Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг” гэж бичигджээ. Иймээс Эзэн Есүс бидний дунд амьдарч байх үеийн туршид бидэнтэй цуг дагаж явсан эрчүүдээс буюу Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдрийг хүртэл бидэнтэй хамт байгсдаас нэг нь бидний хамт, Түүний амиллын гэрч болох хэрэгтэй байна гэв. Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф, Маттиа хоёрыг гарган залбирч —Бүгдийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач. Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудасын үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд шавга нь Маттиа дээр бууж, тэрээр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.

Video for Үйлс 1:1-26

Үйлс 1:1-26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв