2Тимот 3:1-17
2Тимот 3:1-17 АБ2013
Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай. Айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж зүсэн бүрийн тачаалдаа хөтлөгдсөн гэнэн эмэгтэйчүүдийг олзлогчид ч тэдний дунд бий. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй. Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм. Гэвч тэд цааш амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно. Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм. Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна. Харин чи юу сурсан, юунд итгэсэндээ бай. Чи хэнээс сурснаа мэдэх бөгөөд Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн. Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.