2Тимот 1:1-18
2Тимот 1:1-18 АБ2013
Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу Христ Есүсийн элч Паулаас хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг. Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан, нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна. Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд буй Бурханы бэлгийг сэргээхийг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов. Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм. Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Үхлийг Тэр хүчингүй болгож, амь ба мөхөшгүй байдлыг сайнмэдээгээр гэрэлд авчирсан. Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна. Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор чанд сахь. Чамд хариуцуулсан сайныг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал. Ази дахь бүх хүн надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар буй. Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. Харин Ромд байхдаа тэр намайг хичээнгүйлэн хайж олсон юм. Тэр өдөр Эзэнээс өршөөл олохыг Эзэн түүнд соёрхох болтугай. Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.