2Самуел 9:1-13
2Самуел 9:1-13 АБ2013
Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл хайр үзүүлэх юмсан гэв. Тэгтэл Зиба нэрт Саулын гэрийн зарц байсныг Давид дээр дуудан ирүүлэв. Хаан түүнээс —Чи Зиба мөн үү? гэхэд тэр —Таны боол би байна гэв. Хаан —Саулын гэрээс хэн нэгэн үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрэл хайрыг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд —Ионатаны хөлгүй нэгэн хүү нь бий гэв. Хаан түүнээс —Тэр хаана байна вэ? гэж асуухад Зиба, хаанд —Харагтун, Ло-дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт тэр байна гэж хариулав. Тэгээд Давид хаан хүн илгээн Ло-дебараас, Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулав. Саулын ач, Ионатаны хүү Мефибошет, Давидад ирээд, нүүрээрээ газар унаж мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв. Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрэл хайрыг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг эргүүлж өгнө. Чи миний ширээнд үргэлж талх идэх болно гэв. Мефибошет дахин мөргөж —Боол би чинь хэн болоод над шиг үхсэн нохойг та тооно вэ? гэв. Тэгэхэд Саулын боол Зибаг хаан дуудаж —Саулд болон түүний бүхэл гэрт харьяалагдах хамаг юмыг би чиний эзний ач хүүд өглөө. Танай эзний хүү талхтай золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудынхаа хамт түүний төлөө газар хагалж үр жимсийг нь авчирч түүнд өгч бай. Харин эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд үргэлж талх идэх болно гэв. Зиба арван таван хөвгүүн, хорин боолтой ажээ. Тэгэхэд Зиба, хаанд —Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боол тань гүйцэтгэх болно гэлээ. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил миний ширээнд хооллов. Мефибошетод Миха нэрт балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бүгд Мефибошетын зарц нар болов. Ингээд Мефибошет хааны ширээнд үргэлж хооллодог болсон тул Иерусалимд амьдран суужээ. Тэрээр хоёр хөл суунги бөлгөө.