2Самуел 7:5-11
2Самуел 7:5-11 АБ2013
Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү? Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. Би Израилийн хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн овгуудын удирдагч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” гэж байна. Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ. Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино. Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө.