2Самуел 5:1-16

2Самуел 5:1-16 АБ2013

Израилийн бүх овог Хебронд байсан Давид дээр ирж —Харагтун, бид таны яс махны тасархай билээ. Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв. Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов. Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав. Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ. Хаан өөрийн эрчүүдийн хамт нутгийн уугуул оршин суугчид болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын амийг үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Эл учир “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж хэлдэг болжээ. Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив. Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ. Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр ба татвар эм авав. Давидад өөр олон хөвгүүд, охид төрөв. Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, Елишама, Елиада, Елифелет нар юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна