2Самуел 24:1-25

2Самуел 24:1-25 АБ2013

ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав. Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжингууд ба Иоабт —Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүн амын тооллого хий. Тэгвэл би тэдний тоог мэдэх болно гэсэнд Иоаб, хаанд —Таны Бурхан ЭЗЭН энэ ард олныг зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв. Гэвч хааны үг Иоаб болон цэргийн дарга нарыг дийлэв. Тиймээс Иоаб ба цэргийн дарга нар Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов. Тэгээд тэд Иордан голыг гатлан Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун тал дахь Ароерт хуарагнан буув. Дараа нь тэд Гилеад болон Тахтим-ходшигийн нутаг уруу явж бас Дан-иаан уруу явж, Сидоныг тойров. Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотоор орж, тэндээсээ Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв. Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Иерусалимд буцаж ирлээ. Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын дүнг хаанд өгөв. Израильд илд агсагч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийнх таван зуун мянган эрс байв. Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав. Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад Давидын үзмэрч байлаа. — Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Би үүнийг чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв. Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү хэлэв. —Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг одоо тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв. Давид, Гадад —Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв. Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израильд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл ард олноос далан мянган хүн үхэв. Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв. Ард олныг устгаж байсан тэнгэрэлчийг хараад Давид, ЭЗЭНд —Нүгэл үйлдэн буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр бууг гэв. Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв. Тэгээд Гадын үгийг дагаж, ЭЗЭНий тушаасан ёсоор Давид явлаа. Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн хааны өмнө хөсөр унаж, нүүрээ газарт хүргэн мөргөв. Тэгээд Аруна —Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид —Ард олноос тахлыг холдуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв. Аруна, Давидад —Эзэн хаантан минь, нүдэнд тань тааламжтай гэснээ авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр, түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг мөн үхрийн буулга байна. Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн баръя гээд Аруна, хаанд —Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг зөвшөөрөн авах болтугай гэв. Харин хаан, Арунад —Үгүй, би энэ бүгдийг чамаас заавал үнээр худалдаж авна. Учир нь би төлөөс төлбөргүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав. Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.