2Самуел 22:26-51

2Самуел 22:26-51 АБ2013

Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та, гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. Дорой ядууг Та авардаг Таны харц ихэмсгүүдийг номхтгодог. ЭЗЭН минь, Та миний дэнлүү билээ. Миний харанхуйг ЭЗЭН гэрэлтүүлдэг билээ. Танаар би их цэргийг дайрч, Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог. Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон, Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгосон билээ. Та алхааг минь өргөсгөдөг Тиймээс хөл минь халтирсангүй. Би дайснаа хөөж устган тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй. Тэднийг би цөлмөв. Тэднийг би сөнөөв. Тиймээс тэд миний хөл доор унасан билээ. Тулалдахад минь Та намайг хүч чадлаар зэвсэглэж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав. Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав. Тэд харуулдавч, аврах хэн ч байсангүй. Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй. Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв. Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв. Гаднынхан над дээр хулмалзсаар ирж, Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг. Гаднынхан зүрх алдсаар Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг. ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь хад Бурхан өргөмжлөгдөх болтугай! Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор оруулдаг. Намайг дайснуудаас минь гарган авчирдаг. Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та өргөдөг юм. Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ. Тиймээс ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж, Таны нэрийг би магтан дуулна. Тэр Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд Өөрийнхөө тосолсон нэгэнд, Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг гэж дуулав.