2Самуел 21:15-22

2Самуел 21:15-22 АБ2013

Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа. Гурван зуун шекел хүнд хүрэл жадтай, шинэхэн илд зүүсэн, аварга биетний удмынхны Ишби-Беноб гэгч, Давидыг алъя хэмээжээ. Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи, Давидад туслан филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж хэлэв. Үүний дараа Гобд, филистчүүдтэй дахин тулаан болж, хуша хүн Сиббекаи аварга биетний удмын Сафыг алав. Дахин филистчүүдтэй Гобд тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимын хүү Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт ажээ. Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ. Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа. Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.