2Самуел 21

21
Гибеончууд өшөө авав
1Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН
—Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв. 2Тэгээд хаан гибеончуудыг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнд андгайлсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв.)#Иош 9:3–15 3Тэгээд Давид гибеон хүмүүст
—Би та нарын төлөө юу хийх ёстой вэ? Би ямар эвлэрүүлэл хийвэл та нар ЭЗЭНий өвийг ерөөж болох вэ? гэхэд 4гибеончууд түүнд
—Саул ба түүний гэрээс алт мөнгө авах хэрэг бидэнд байхгүй. Мөн Израильд ч хэн нэгнийг алах бодол бидэнд алга гэхэд Давид
—Би та нарын юу хүссэнийг хийж өгөх болно гэв. 5Тэгэхэд тэд хаанд
—Биднийг Израилийн газар нутгаас үлдээлгүй устгахаар төлөвлөж байсан хүнийх нь хувьд, 6хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид Гибеад ЭЗЭНий өмнө, ЭЗЭНий уулан дээр тэднийг дүүжлэн алах болно гэхэд хаан
—Тэднийг та нарт өгөх болно гэв. 7Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.#1См 20:15–17; 2См 9:1–7 8Тэгээд хаан Аиагийн охин Ризпагийн Саулд төрүүлж өгсөн хоёр хөвгүүн буюу Армони, Мефибошет мөн Саулын охин Мерабын Мехолат хүн Барзиллаин хөвгүүн Адриелд төрүүлж өгсөн таван хөвгүүдийг авч#1См 18:19 9гибеончуудын гарт өгөв. Тийнхүү тэднийг ЭЗЭНий өмнө, уулан дээр дүүжилж алжээ. Ингэж долоон хүн хамтдаа үхэв. Тэд ургацын өдрүүдэд, арвай хураалтын эхээр алагджээ. 10Аиагийн охин Ризпа таар авч хадан дээр дэвсэн суугаад, ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй. 11Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд 12тэрээр яваад, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд дүүжилж орхисныг нь хулгайлан авсан Иабеш-гилеадын удирдагчдаас Саулын ясыг бас Ионатаны ясыг ч авав.#1См 31:8–13 13Давид, Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн нөгөөх дүүжлүүлэгсдийн ясыг ч тэд цуглууллаа. 14Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд тавив. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.
Давидын дайчдын гавьяа
(1Шс 20:4–8)
15Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа. 16Гурван зуун шекел хүнд хүрэл жадтай, шинэхэн илд зүүсэн, аварга биетний удмынхны Ишби-Беноб гэгч, Давидыг алъя хэмээжээ. 17Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи, Давидад туслан филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан
—Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж хэлэв.#1Ха 11:36; Дуу 132:17 18Үүний дараа Гобд, филистчүүдтэй дахин тулаан болж, хуша хүн Сиббекаи аварга биетний удмын Сафыг алав. 19Дахин филистчүүдтэй Гобд тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимын#21:19 магадлалтай хэсэг: Иаир (1Шс 20:5 үз.) хүү Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт ажээ. 20Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ. 21Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа. 22Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү