2Самуел 17
17
1Цаашилбал Ахитофел, Абсаломд
—Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү. 2Түүнийг эцэж сульдсан байх үед нь би түүнийг дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүсийг зугтах болтол түүнийг түйвэргэе. Тэгээд би зөвхөн хааныг нь алъя. 3Би хамаг ард олныг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван байх болно гэж хэлэв. 4Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахмадуудад таалагдав.
Хушаин зөвлөгөө
5Гэвч Абсалом
—Архе хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв. 6Хушаиг Абсалом дээр очиход Абсалом түүнд ийнхүү хэлэв.
—Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юу? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв. 7Хушаи, Абсаломд
—Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв. 8Тэгээд цааш нь Хушаи
—Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэргэшсэн хүн. Тэрээр ард олонтой хамт шөнийг өнгөрүүлэхгүй. 9Хараарай, тэр одоо нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагасан хүмүүсээс олноороо хядуулжээ” гэж хэлнэ. 10Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг хүчит хүн бөгөөд эрэлхэг зоригтой хүмүүс түүнтэй байдаг гэдгийг Израиль даяар мэднэ. 11Харин Данаас Беершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна. 12Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн уруу очиж, газар буух шүүдэр мэт түүнийг бид нөмрөн авч, өөрийг нь болон хамт буй хамаг цэргийн нэгийг нь ч амьд үлдээхгүй. 13Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол бүх Израиль тэр хот уруу олс авчран тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв. 14Абсалом болон Израилийн хамаг ард олон
—Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
Хушаи Давидыг аварсан нь
15Тахилч Задок Абиатар нарт хандан Хушаи
—Абсалом болон Израилийн ахмадуудад Ахитофел тэгж зөвлөхөд нь харин би ийнхүү зөвлөгөө өгөв. 16Тиймээс одоо хүн яаралтай явуулж Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг өнгөрч яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг ард олон алагдах вий” гэж хэл гэв. 17Ионатан Ахимааз нар Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов. 18Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлэв. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд түүн дотор оров. 19Эмэгтэй бүтээлэг авч ирээд, худгийн амыг бүтээж, дээр нь буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов. 20Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж
—Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд тэр эмэгтэй
—Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав. 21Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад
—Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг тэгж зөвлөсөн байна гэв. 22Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр бүх хүн Иордан голыг гаталж дуусжээ. 23Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.
24Тэгээд Давид Маханаимд ирлээ. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав. 25Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль#17:25 ЭНО-д ишмаил (1Шс 2:17 үз.) хүний хөвгүүн байв. 26Ингээд Израиль болон Абсалом, Гилеадын нутагт хуарагнан буув.
27Давидыг Маханаимд ирэхэд Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби, Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар 28ор дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, зармаг, хуурсан тариа,#17:28–29 эсвэл вандуй болон хатаасан үр 29зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 17: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.