2Самуел 11:1-27
2Самуел 11:1-27 АБ2013
Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь —Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. Тиймээс Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд гэртээ харив. Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж —Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв. Тиймээс Давид Иоаб уруу хүн явуулж —Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулжээ. Уриа түүн дээр ирэхэд Давид түүнээс Иоаб болон ард олны сайн сайхан ба тулалдааны явцын талаар лавлан асуув. Тэгээд Давид Уриад —Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа, хааны өргөөнөөс гарч явсанд хаан түүний араас бэлэг илгээв. Гэвч Уриа гэртээ харилгүй хааны өргөөний үүдэнд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтжээ. — Уриа гэртээ хариагүй гэж Давидад мэдэгдэхэд тэр, Уриад —Чи аянаас ирээгүй гэж үү? Яагаад чи гэртээ харьсангүй вэ? гэв. Уриа Давидад —Бурханы авдар, Израиль, Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очих гэж үү? Та амьд! Би тийм зүйл огтхон ч хийхгүй гэв. Иймд Давид Уриад —Өнөөдөр бас энд үлдэгтүн. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь ч Иерусалимд байв. Давид Уриаг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоожээ. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй. Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээлээ. Тэр захидал бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа. Иймээс Иоаб хотыг ажиглаад, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. Хотын хүмүүс гарч ирэн Иоабтай тулалдахад Давидын зарц нарын зарим нь унаж үрэгдсэн бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв. Тэгээд Иоаб хүн илгээн тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгджээ. Тэр элчид тушааж —Тулалдааны бүх үйл явдлыг хаанд мэдэгдэж дуусгахад, хэрэв хааны хилэн дүрэлзэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм их ойртов? Хэрмэн дээрээс тэд харвана гэдгийг та нар мэддэггүй юм уу? Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан билээ? Тебезэд байхад нь нэгэн эмэгтэй хэрмэн дээрээс тээрмийн бул чулууг унагаж, түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм их ойртов?” гэж чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв. Ингээд элч мордон Давид дээр ирж Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв. Элч Давидад —Дайсны эрчүүд бидний эсрэг давуу хүчээр байлдан хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг гулдан хаалганы үүд хүртэл шахав. Тэгэхэд хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарц нар үрэгдэж мөн таны зарц хит хүн Уриа ч үхэв гэж өчив. Тэгэхэд Давид, элчид —Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж түүний урмыг сэргээ гэв. Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв.