2Петр 2:1-22

2Петр 2:1-22 АБ2013

Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна. Олон хүн тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно. Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна. Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг Бурхан хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэл хүртэл хадгалсан бол, хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол, хожмын сүсэг бишрэлгүйчүүдэд жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, (тэдний дунд амьдрагч тэрхүү зөвт хүн өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байсан тул) сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг. Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад, сүр хүч болоод хүч чадлаар агуу ч тэнгэрэлч нар Эзэний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй. Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана. Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн дампууралдаа цэнгэдэг. Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм. Тэд шулуун замыг орхин, зүй бусын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ. Гэвч Балаам тэрслэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй эдэлгээний адгуус хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж. Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдэнд бэлтгэгджээ. Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд тэдэнд эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ. Хэрэв тэд хорвоогийн бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр зугтсаны дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно. Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан. Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, угаасан гахай шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгээр болсон аж.