2Петр 1

1
Мэндчилгээ
1Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст. 2Бурханыг болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвижиг.
Христитгэлийн дуудлага ба сонголт
3Алдар ба давуу чанараараа#1:3 ЗБ-т чанараа хуваалцахаар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурхан хүч нь бидэнд амь болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг соёрхсон. 4Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм. 5Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, 6мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, 7итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. 8Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. 9Эдгээрээр дутагддаг нь урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн юм. 10Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.#1:10 эсвэл итгэлээ орхихгүй эсвэл нүгэлд унахгүй 11Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно. 12Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэнд батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно. 13Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрээхээ зөв гэж үзэж байна. 14Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайчихаа мэдэж байна. 15Намайг одсоны дараа та нар эдгээр зүйлийг үргэлж санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.
Христийн сүр жавхланг нүдээр гэрчлэгчид
16Бид Эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан. 17Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд таалал минь оршдог” гэсэн дуу гарав.#Мт 17:1–5; Мк 9:2–7; Лк 9:28–35 18Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.
19Үүгээр бид илүү баттай эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гийх хүртэл, харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг. 20Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. 21Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.

Одоогоор Сонгогдсон:

2Петр 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна