2Хаад 7:1-20

2Хаад 7:1-20 АБ2013

Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв. Хааны гарын түшмэл, Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг нүдээрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв. Гулдан хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртэлээ энд суух ёстой юм бэ? Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв. Тэд арамчуудын хуаран уруу явахаар үдшийн бүрийгээр босов. Тэднийг арамчуудын хуарангийн захад хүрч очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй. Учир нь Эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээлээ. Тиймээс тэд босож, үдшийн бүрийгээр зугтан майхнууд, морьд, илжгүүдээ буюу хуарангаа байсан чигээр нь орхиод, амиа тээн зугтсан ажээ. Эдгээр уяман өвчтөнүүд хуарангийн захад хүрч ирээд нэг майханд орж, идэж уугаад, тэндээс алт, мөнгө, хувцас зөөж, далдлан нуужээ. Тэд буцаж ирэн өөр нэгэн майханд нэвтрэн орж, тэндээс юм зөөж, далдлан нуужээ. Дараа нь тэд бие биендээ —Бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Хэрэв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж, хааны өргөөнийхөнд айлтгая гэцгээв. Ингээд тэд ирж, хотын хаалгачдыг дуудан тэдэнд —Бид арамчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжгүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв. Тэгээд хаалгачид, хааны өргөөнийхний дунд үүнийг дуудан айлтгалаа. Тэгтэл хаан шөнөөр босоод, түшмэддээ —Арамчууд бидэнд юу хийснийг би та нарт одоо хэлье. Биднийг өлсөж байгааг тэд мэднэ. Тиймээс тэд “Хотоос гарахад нь бид тэднийг амьдаар нь олзолж, хот уруу нь орцгооё” гээд талд нуугдахаар хуаранг орхиж явсан юм гэж хэлжээ. Түшмэлүүдийнх нь нэг нь —Хэдэн хүнд хотод үлдсэн амьд буй морьдоос тавыг өгье. Үзэгтүн, эдгээр нь хотод үлдсэн Израилийн дуусаж байгаа ард түмний адил болжээ. Тиймээс илгээж, харцгаая гэжээ. Тиймээс тэд морьтой хоёр тэрэг авч, хаан тэднийг арамчуудын цэргийн араас илгээн —Явж хар гэж хэлжээ. Тэд араас нь Иордан уруу явсан бөгөөд үзэгтүн, бүх зам арамчуудын яарахдаа хаясан хувцас, хэрэглэлээр дүүрсэн байв. Тэгээд элч нар буцаж ирээд, хаанд айлтгав. Ингээд ард түмэн гарч, арамчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдав. Хаан өөрийн гарын түшмэлийг гулдан хаалгыг хариуцуулахаар томилжээ. Гэвч хүмүүс гулдан хаалганы дэргэд түүнийг дайран гишгэчсэн бөгөөд хааныг Бурханы хүн дээр очих үед яг түүний хэлж байсан ёсоор тэрээр үхжээ. Бурханы хүн хаанд “Маргааш өдийд Самарийн гулдан хаалган дээр хоёр хэмжүүр арвай нэг шекелээр, нэг хэмжүүр сайн гурил нэг шекелээр зарагдах болно” гэж хэлж байсан юм. Тэгэхэд хааны түшмэл Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, хэрэв ЭЗЭН тэнгэрт цонхнууд хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэж хариулах үед тэрээр —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи түүнээс идэхгүй гэсэн билээ. Ингээд түүнд энэ нь тохиолдож, хүмүүс гулдан хаалганы дэргэд түүнийг дайран гишгэцгээж, тэрээр үхсэн юм.