2Хаад 25

25
1Тэгтэл хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.#Иер 21:1–10, 34:1–5; Езк 24:2 2Ийнхүү Зедекиа хааны арван нэгдүгээр он хүртэл хот бүслэлтэд байв.
3Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.#25:3 Иер 52:6 мөн үз. 4Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.#Езк 33:21 5Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив. 6Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. 7Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.#Езк 12:13
8Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан, Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны зарц, ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ. 9Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. 10Ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. 11Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ.#25:11 Иер 52:15 үз. 12Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. 13ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.#1Ха 7:15–26; 2Шс 3:15–17 14Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ.#1Ха 7:45; 2Шс 4:16 15Бойпрууд ба угаалгын савнууд зэрэг алт, мөнгөн эд зүйл бүхнийг ахлах хамгаалагч авч явжээ. 16ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис, тавиурууд болон сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ. 17Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл дог#25:17 дог: Багана, туг зэргийн оройн хэсэг буюу чимэг. байв. Догийн өндөр нь гурван тохой, догийг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийгдсэн байв. Тороор чимэглэсэн нөгөө багана нь ч мөн адил байв. 18Тэгээд тэргүүн тахилч Сераиа, дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав. 19Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. 20Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив. 21Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.
Иудагийн захирагч Гедалиа
(Иер 40:7–9; 41:1–3)
22Иуда газарт өөрийн үлдээсэн хүмүүсийг захируулахаар Вавилоны хаан Небухаднезарын томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов. 23Вавилоны хаан, Гедалиаг томилсныг цэргийн бүх жанжин өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод, Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иоханан, нетофат хүн Танхуметын хүү Сераиа, маакат хүний хүү Иаазаниа нар өөрсдийн хүмүүсийн хамт Мизпад Гедалиа дээр ирцгээжээ. 24Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст
—Халдеичуудын түшмэдээс бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд тангараглав.
25Тэгтэл долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд Гедалиаг болон Мизпад түүний хамт байсан иудейчүүдийг бас халдеичуудыг цохиж алжээ. 26Тэгээд халдеичуудаас айж байсан их бага гэлгүй бүх хүн бас цэргийн жанжингууд босон Египет уруу оджээ.#Иер 43:5–7
Иехоиахин шоронгоос суллагдав
(Иер 52:31–34)
27Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин долоонд Вавилоны хаан Евил-меродах хаанчилж эхэлсэн тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинийг шоронгоос гаргав. 28Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавьжээ, 29Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны өмнө тогтмол зооглодог болов. 30Хаанаас түүний амьдралынх нь бүх өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна