2Хаад 23

23
Иосиагийн шинэчлэл
(2Шс 34:3–7,29–33)
1Тэгээд хаан, хүн илгээж, тэд түүн дээр Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав. 2Хаан болон Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугч мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явсан бөгөөд ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив.
3Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.
4Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.#2Ха 21:3; 2Шс 33:3 5Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн эрхэст утлага уугиулагчдыг тэр бас хөөн зайлуулав. 6Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ. 7Тэр бас ЭЗЭНий өргөөний дэргэдэх дуганы янхан эрчүүдийн#23:7 дуганы янхан: Канаанчуудын үржил шимийн бурхны мөргөлд янхан болж үйлчилдэг эмс, эрс. байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхдэг байсан юм. 8Тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы үүдэнд буюу хотын гулдан хаалганы зүүн гар талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм. 9Үнэндээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй харин тэд өөрсдийн ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ. 10Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ.#Лев 18:21; Иер 7:31, 19:1–6, 32:35 11Мөн наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн, ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех тайганы хашаан дахь танхимын ойролцоо байсан морьдыг зайлуулав. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав. 12Ахазын танхимын дээвэр дээр буй, Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нурааж, тэндээс нь буулган, үнсийг нь Кидрон гуунд асгажээ.#2Ха 21:5; 2Шс 33:5 13Сидончуудын бузар болох Ашторэт, Моабын бузар болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломон, Иерусалимын зүүнтээд Мөхлийн уулын#23:13 ЭНО-д Оливт уул Еврейд нь Мөхлийн буюу Нүглийн уул өмнө талд босгосон мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.#1Ха 11:7 14Тэрээр онго баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэр газруудыг хүний ясаар дүүргэв. 15Түүнчлэн Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөгийн тухайд, тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг аль алийг нь нураан,#23:15 ЭНО-д чулуун тавцанг хэсэг болгон буталжээ. Еврейд нь тахилын ширээг шатаажээ. мөргөлийн өндөрлөгийг шатааж, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.#1Ха 12:33 16Иосиа эргэж уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн булшнаас яснуудыг авчруулж,#23:16 ЭНО-д баярын үеэр Еврейд нь ийм үг байхгүй. тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу түүнийг бузарлажээ.#1Ха 13:2 17Тэгээд тэр
—Миний харж буй энэ хөшөө юу вэ? гэж асуусанд тэр хотын хүмүүс түүнд
—Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээнд таны хийсэн энэ зүйлсийг тунхагласан Бурханы хүнийх гэцгээв.#1Ха 13:30–32 18Хаан
—Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив. 19Түүнчлэн Самарийн хотуудад Израилийн хаад ЭЗЭНийг уурлуулахаар босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг Иосиа бас зайлуулж, Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийнхүү үйлджээ. 20Тахилын ширээнүүд дээр байсан мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэр алж, тэдний дээр хүний ясыг шатаав. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.
Алгасалыг тэмдэглэв
(2Шс 35:1–19)
21Тэгээд хаан бүх ард түмэнд
—Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав. 22Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. 23Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм. 24Түүнчлэн ЭЗЭНий өргөөнөөс тахилч Хилкиагийн олсон номд бичигдсэн хуулийн үгсийг гүйцэлдүүлэхийн тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх л бузрыг Иосиа хөөн зайлуулжээ. 25Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй. 26Хэдий тийм боловч, Өөрийг нь хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан уур хилэнгийнхээ хатуу ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй. 27ЭЗЭН айлдахдаа
—Би Израилийг зайлуулсан шиг Иудаг ч мөн Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулж, Өөрийн сонгосон хот Иерусалим болон “Миний нэр тэнд байна” гэж айлдсан өргөөгөө Би хөсөр хаях болно гэв.
Иосиа тулаанд алагдав
(2Шс 35:20—36:1)
28Иосиагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
29Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав. 30Түүний зарц нар түүний үхсэн биеийг тэргэн дотор Мегиддогоос Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгов.
Иехоахазын хаанчлал ба олзлогдол
(2Шс 36:2–4)
31Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 32Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. 33Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав. 34Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчлөв. Харин Иехоахазыг Египетэд аваачсанд тэр тэндээ үхэв.#Иер 22:11–12 35Ингээд Иехоиаким Фараонд алт, мөнгийг өгчээ. Гэхдээ Фараоны тушаалаар мөнгө өгөхийн тулд тэрээр уг нутгаас татвар авчээ. Фараон Некод өгөхийн тулд тэрээр тэр нутгийн ард түмнээс хүн бүрийн хөрөнгөний хэмжээний дагуу алт мөнгийг авав.
Иудаг Иехоиаким хаанчлав
(2Шс 36:5–8)
36Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Румагийн Педаиагийн охин Зебида гэдэг байв.#Иер 22:18–19, 26:1–6, 35:1–19 37Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү