2Хаад 22

22
Иудаг Иосиа хаанчлав
(2Шс 34:1–2)
1Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.#Иер 3:6 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өвөг эцэг Давидынхаа бүх замаар замнан зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй.
Хилкиа хуулийн номыг олов
(2Шс 34:8–28)
3Иосиа хааны арван наймдугаар онд Мешулламын ач, Азалиагийн хүү, гүүш Шафаныг хаан, ЭЗЭНий өргөө уруу илгээн
4Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан буюу ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа дээр өгсөж очигтун. 5Үүнийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт даатга. Тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд байгаа ажилчдад өгөг. 6Тухайлбал мужаанууд, барилгачид ба чулуучдад мөн өргөөг засварлахаар гуалин мөн цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн. 7Тэд шударгаар ханддаг тул тэдний гарт даатгагдсан мөнгөний ямар ч тооцоог тэдэнтэй бүү бод гэж хэлжээ.#2Ха 12:15
8Тэргүүн тахилч Хилкиа, гүүш Шафанд
—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч, өнөөх нь уншив. 9Гүүш Шафан, хаанд бараалхаж түүнд хариу үг уламжлан
—Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг цуглуулж, ЭЗЭНий өргөөг хариуцагч ажил хийгчдийн гарт даатгав гэв.
10Гүүш Шафан, хаанд
—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ. 11Тэгтэл хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав. 12Тэгээд тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан
13Явж, олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Иудагийн төлөө ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв. 14Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байсан бөгөөд тэнд тэд түүнтэй ярилцжээ.
15Тэрээр тэдэнд
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг над уруу илгээсэн хүнд хэлэгтүн. 16ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирна. 17Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв. 18Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа «Чиний сонссон үгсийн тухайд, 19энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хараал ба эзгүйрэл болно гэсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө зүрх чинь зөөлөрч, чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө хувцсаа уран уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 20«Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэлээ” гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд авчрав.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү