2Хаад 2:1-12

2Хаад 2:1-12 АБ2013

ЭЗЭН, Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас гарч явав. Елиа, Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав. Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. Елиа түүнд —ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав. Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. Тэд гаталж гарсны дараа Елиа, Елишад —Би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйгтун! гэсэнд Елиша —Таны сүнс над дээр хоёр хувь илүү байг гэв. Тэр —Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.

2Хаад 2:1-12 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв