2Иохан 1:1-13

2Иохан 1:1-13 АБ2013

Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба хүүхдүүдэд нь илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм. Эцэг Бурханаас ба Эцэгийн Хүү Есүс Христээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайранд бидэнтэй хамт байх болно. Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг хүүхдүүдийн чинь зарим нь үнэний дотор явааг мэдсэндээ би их баярласан. Эхнээсээ бидэнд байснаар бие биенээ хайрлахыг эзэгтэй чамаас гуйж байгаа нь чамд бичиж буй шинэ тушаал биш. Бид Түүний тушаалын дагуу явах нь хайр юм. Та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах нь тушаал юм. Олон мэхлэгч ертөнцөд гарч ирсэн. Тэд Есүс Христийг махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист юм. Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна. Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл. Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм. Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас бэхийг бус харин та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Тэгвэл баяр хөөр маань дүүрэн болно. Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүд чамд мэнд хүргэж байна.