2Коринт 9:1-15
2Коринт 9:1-15 АБ2013
Ариун хүмүүст зориулах үйлчлэлийн тухай та нарт бичих нь надад илүүц юм. Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ. Та нарын талаарх сайрхал маань хоосон биш байгаасай гэж ах дүүсийг би илгээлээ. Харин та нар хэлснээр минь бэлэн байгаарай. Нөгөөтээгүүр хэрэв надтай хамт очих зарим македоничууд та нарын бэлэн бус байгааг чинь олж харвал, та нарыг хэлэлтгүй, итгэлтэй сайрхалдаа бид ч ичих болно. Тиймд та нарын хэдийнээ амласан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урьдаас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг түрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус, харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм. Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. Энэ нь “Тэр тараасан, ядууст өгсөн. Түүний зөвт байдал мөнхөд байна” гэж бичигдсэнчлэн байх юм. Тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлэх бөгөөд зөвт байдлын чинь ургацыг нэмэгдүүлнэ. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог. Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх арвин талархлаар бялхдаг. Энэхүү үйлчлэлийн нотолгоогоор тэд Христийн сайнмэдээг ярихад дуулгавартай байсны чинь төлөө, тэдэнтэй болон бусдад өгөөмөр сэтгэлээр хуваалцсаны чинь төлөө Бурханыг алдаршуулахдаа Бурханаас та нарт өгөгдсөн давамгай ивээлийн учир тэд та нар уруу тэмүүлэн, та нарын төлөө залбирдаг юм. Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.