2Коринт 7:1-16

2Коринт 7:1-16 АБ2013

Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё. Бидэнд зориулж зүрхэндээ өрөө гарга. Бид хэнд ч зүй бус хандаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй. Та нарыг зэмлэх гэж би үүнийг хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьдрахын тулд та нар зүрхэнд маань байдаг гэж би урьд нь хэлсэн. Та нарын өмнө би асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх сайрхал минь үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонд би баяр хөөрөөр бялхаж байна. Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв. Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав. Зөвхөн түүний ирснээр ч бус мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын мөрөөдөл, уй гашуу, тэмүүллийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм. Би та нарыг захидлаараа гашуудуулсан аваас үүндээ эс харамсана. Гэвч тэрхүү захидлаар та нарыг би түр зуурхан л гашуудуулсандаа харамсаж байсан юм. Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус, гашуудал чинь гэмшилд хүргэж, та нар Бурханы дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэг байдлаар зовоогүй билээ. Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог. Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа. Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх зүтгэлийг чинь Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт бичсэн. Тиймээс бид тайвширсан. Тайвшралын маань зэрэгцээ Титийн баяр хөөрт бид бүр ч их баярласан. Учир нь та бүгдээс болж түүний сүнс сэргэсэн байв. Би та нарыг түүнд ямар нэгэн байдлаар магтсандаа ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн сайрхал маань Титийн өмнө үнэн болов. Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түүнийг хүлээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр санахдаа зүрх нь улам бүр та нарт ханддаг. Би та нарт бүрэн найддагтаа баярладаг.