2Коринт 6:1-13
2Коринт 6:1-13 АБ2013
Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай. Учир нь Тэр “Тааламжтай цагт Би чамайг сонссон. Авралын өдөр Би чамд тусалсан” гэж айлддаг. Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр. Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхэнд харуулахдаа үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт дор, зодуур, шорон, үймээн самуун, зүдэл зүтгэл, нойр дутал болон өлсгөлөн дор, цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дор, үнэний үг болон Бурханы хүч дор, баруун, зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, хүндлэл хийгээд үл хүндлэл дор, матлага хийгээд магтлага дор болой. Бид мэхлэгчид шиг боловч үнэнч, эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн. Коринтчууд аа, бид та нарт ам нээсэн. Зүрх маань ч нээгдсэн. Та нарыг бид хашаагүй харин та нар дотроо хашигдсан аж. Хариуд нь “Та нар ч нээлттэй бай” гэж би хүүхдүүдэд хэлдэгчлэн та нарт хэлж байна.