2Коринт 4:1-18

2Коринт 4:1-18 АБ2013

Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог. Бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм. Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг. Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг нь Есүсийн амь бас бидний биед илэрхийлэгдэхийн тулд юм. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. “Би итгэсэн, тиймээс би ярьсан” гэж бичигдсэнчлэн итгэлийн сүнстэй байж, бид ч гэсэн итгэдэг, тиймээс бид ярьдаг. Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт өмнөө аваачна гэдгийг бид мэддэг. Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.

2Коринт 4:1-18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв