2Коринт 1:1-24

2Коринт 1:1-24 АБ2013

Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь Коринт дахь Бурханы чуулганд мөн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариун хүмүүст. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвшрал маань ч мөн Христээр арвиждаг. Бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө. Бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонг та нар тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар зовлонг маань хуваалцдаг шигээ тайвшралыг маань ч хуваалцдагийг бид мэднэ. Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ. Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг. Ийнхүү гуйлтаараа та нар бидэнд туслан, олон хүний залбирлаар бэлэг нь соёрхогдсоноор бидний өмнөөс талархал өргөгдөнө. Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм. Та нарын уншиж, мэддэгээс өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцэс болтол бүрэн мэднэ гэдэгт би найдахдаа та нар биднийг зарим талаар мэдсэн шиг [бидний] Эзэн Есүсийн тэр өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно хэмээснийх билээ. Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм. Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нараар үдүүлэх гэсэн юм. Иймд би үүнийг төлөвлөхдөө гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм төлөвлөхдөө махбодынхоо дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? Харин Бурхан итгэмжтэйн адил бидний үг та нарт “За ба үгүй” байсангүй. Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байсангүй. Харин Түүний дотор “За” байдаг. Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Бурхан мөн. Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж. Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг. Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.

2Коринт 1:1-24 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв