2Коринт 1:1-10

2Коринт 1:1-10 АБ2013

Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь Коринт дахь Бурханы чуулганд мөн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариун хүмүүст. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвшрал маань ч мөн Христээр арвиждаг. Бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө. Бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонг та нар тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар зовлонг маань хуваалцдаг шигээ тайвшралыг маань ч хуваалцдагийг бид мэднэ. Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ. Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг.

2Коринт 1:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв