2Шастир 20:20-30

2Шастир 20:20-30 АБ2013

Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. Тэднийг уухайлж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отолт тавьсанд тэд цохигдов. Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг олзолж авсны дараа тэд нэг нэгнээ алж устгахад тусалжээ. Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, нэг нь ч амь гараагүй байв. Иехошафат хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас, үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз цуглуулан авчрав. Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг ерөөсөн билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн өдрийг хүртэл “Беракагийн хөндий” гэж нэрлэсэн билээ. Иуда болон Иерусалимын бүх хүн Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм. Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөөнд босоо ятга, ятга, бүрээн дуутай ирцгээв. Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв. Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.