2Шастир 20:15-22

2Шастир 20:15-22 АБ2013

Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү ай, бүү шантрагтун. Маргааш тэдний өөдөөс хөдөл, ЭЗЭН та нартай хамт байна гэлээ. Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав. Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо. Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. Тэднийг уухайлж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отолт тавьсанд тэд цохигдов.