1Тимот 6:1-16
1Тимот 6:1-16 АБ2013
Боолын ёсоор буулган доор байгаа бүгд өөрсдийн эздийг хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү учраас хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл. Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өө сэвгүй сахь. Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.